• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

Х.АЛТАЙ: ДЭЛХИЙН БҮХ БИРЖҮҮД ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙДАГ, БИД Ч ЭНЭ ЖИШГЭЭР ЯВЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ

2021-10-07 08:12:45

2021.10.07-ны Өдрийн сонины дугаарт Гүйцэтгэх захирал Х.Алтайн ярилцлага нийтлэгдсэнийг хүргэж байна. 

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж байж л энэ компаниудын өндөр алдагдал багасна, авлига, шахаа, улстөрчдийн элдэв нөлөөлөл гэх мэт асуудлууд үгүй болно гэж ярих хүн олон байна. Монголын Хөрөнгийн бирж бас төрийн өмчит компаниудын нэг. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах гол гарц гэвэл та юуг онцлох вэ?

-Сүүлийн үед шийдвэр гаргах төвшинд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар эрчимтэй яриад эхэлчихлээ. 

2022 оноос энэ чиглэлээр багагүй ажил хийнэ гэж ойлгосон. Төр өөрөө асар их өмчтэй. Гэтэл төрийн өмчит компаниудын ихэнх нь алдагдалтай ажилладаг. 

Энэ нь өөрөө эргээд төрд, улсын төсөвт дарамт болдог. Тэгэхээр эдгээр компаниудын засаглалыг сайжруулах, улсын төсвөөс хараат бус болгож, төсөвт ирж буй дарамтыг бууруулах шаардлага үүсчихсэн гэж харж байна. 

Энэ дагуу хамгийн гол хийгдэж болох чухал ажил бол эдгээр компанийг олон нийтийн болон төрийн хосолмол өмчтэй болгох. Ингэж байж л эдгээр компанийн үйл ажиллагаа сайжирч, хувьцааг нь эзэмшиж байгаа төр болон хувьцааг нь худалдаж авах иргэд хөрөнгө оруулагчдад өгөөжтэй болно. 

 

-Төрийн өмчит компаниудын эзэмшлийг олон нийтийн, төрийн гэж хосолмол болгож өөрчлөх нь дэлхийн хувьд жишиг болсон хандлага уу?

-Энэ бол олон улсын жишиг. Ойрын жишээ гэхэд л урд, хойд хөршийн томоохон компаниуд, тухайлбал байгалийн хийн гигант Газпром, манайтай идэвхитэй худалдаа хийдэг Чалко, агаарын тээврийн Аэрофлот, Эйр Чайна бүгд төрийн болон олон нийтийн холимог эзэмшилтэй, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжигдаж байдаг.

Ингэснээр компаниудын засаглал, санхүүгийн байдал, ашигт ажиллагаа нь сайжирдаг. 

Та түрүүн асуултандаа онцоллоо, манай компанийг төрийн өмчит  компани гэж. Дэлхийн бүх биржүүд олон нийтийн нээлттэй хувьцаат компани байдаг. Бид ч энэ жишгээр явж, нээлттэй хувьцаат компани болох шаардлагатай. Ингэж байж зах зээл дээр үүсч байгаа шинэ хандлагуудыг цаг алдалгүй нутагшуулж, өрсөлдөх чадвараа нэмэх юм. 

-Хөрөнгийн зах зээлд шинэ боломж, хүчтэй өрсөлдөөн үүсчихлээ. Том компаниуд IPO  хийж байна, банк, уул уурхай гэх мэт супер бизнесүүд энэ зах зээл рүү орж ирж байна. Ингээд харахаар Хөрөнгийн бирж хувьчлагдах зайлшгүй шалтгаанууд гараад ирлээ л дээ...?

-Юуны өмнө хувьчлах гэдэг томъёолол нь өөрөө буруу юм. Олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох гэх нь зүйд нийцнэ. Хөрөнгийн зах зээл маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. 

Энэ нь биднээс түргэн хугацаанд үйлчилгээний төрлүүдийг нэмэх, орлогын сегментээ төрөлжүүлэх шаардлагыг бий болгож байна. Тухайлж хэлэхэд Монголын Хөрөнгийн биржийн өнөөгийн орлогын ихэнх нь арилжааны шимтгэл болон бирж дээр гарч байгаа компаниудын бүртгэлийн хураамжаас бүрддэг. Эдгээр шимтгэл, хураамжийн хувь хэмжээ харьцангуй өндөр гэсэн шүүмжлэл байдаг. 

Яагаад өндөр байна вэ гэхээр төрийн өмчит манай бирж орлогын ганц, хоёрхон сегменттэй. Дэлхийн бусад биржүүд арилжааны шимтгэлийн орлогоос гадна клирингийн орлого, мэдээлэл нийлүүлэх, технологийн үйлчилгээний зэрэг хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг. Олон нийтийнх болчихвол Хөрөнгийн бирж сая дурдсан эдгээр орлогын үүсвэртэй болох боломж бүрдэнэ. 

Хэд хэдэн орлого бүрдүүлэгчтэй болсноор арилжааны шимтгэл, хураамж буурч зах зээлээ хөгжүүлэх хөшүүрэг болох юм. Мөн одоо дотоодын хөрөнгийн зах тэлэлтийн цикл дээрээ явж байна. Хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал байгууллагын хувиар манлайлал үзүүлж өөрөө тэлэлтийн энэ үед нээлттэй компани болох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь хөрөнгийн захын хөгжлийг хурдасгах маш чухал алхам болох юм.

 

-Төрийн өмчит компаниуд хувьчлагдсанаар төсвийн ачаа буурч, ашигтай ажиллах боломжтой гэдэг дээр тодорхой жишээ хэлээч?

-Монголд ч үүний маш тодорхой жишээ бий. 2016 онд “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг МХБ-ээр дамжуулан олон нийтэд арилжсан. 

Өмнө нь “Монгол шуудан” компани төсвөөс татаас авдаг байсан бол эсрэгээрээ ашигтай ажилладаг болсон. Цэвэр ашиг нь IPO хийхээс өмнөх үетэй харьцуулахад 10 дахин, өөрийн хөрөнгө 50 гаруй хувиар нэмэгдсэн. 

 

-Хөрөнгийн зах зээл хөгжиж байж хүчтэй дундаж давхарга бий болно, эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжинө гэдэг л дээ. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд шийдвэр гаргагчид яг юу хийх ёстой вэ?

-Нэг зүйлийг онцолмоор байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хөрөнгийн захын одоогийн энэ идэвхжилтэй үед хийж, хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэх. 

Эдгээр сангууд зөвхөн бирж дээр байгаа зохицуулалттай хувьцаа, бонд, бусад бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийснээр компаниуд урт хугацааны санхүүгийн эх үүсвэртэй болж, тухайн компаниудад хөрөнгө оруулсан иргэдийн ирээдүйн хуримтлал өснө. 

Мөн хөрөнгийн зах зээл өөрөө баялгийн шударга хуваарилалт хийх хамгийн зөв талбар. Үүнийг дагаад Монголд дундаж давхаргыг тэлэх гол хөшүүрэг юм.

 

-Хөрөнгийн бирж хувьчлагдаад компаниуд  олноороо энэ зах зээл рүү орж ирлээ гэхэд дэд бүтэц нь хөгжсөн үү гэсэн асуулт анхаарал татаж таарна. Энэ тал дээр Монголын Хөрөнгийн бирж бэлэн үү?

-Хөрөнгийн зах зээлд ашиглагдаж байгаа MIT гэсэн платформыг 2012 онд нутагшуулсан. 

Лондонгийн, Италийн бирж зэрэг дэлхийн 20-иод санхүүгийн байгууллагууд ашигладаг энэхүү системийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн нь маш том шинэчлэл болсон. Зөвхөн бирж гэдэг нэг байгууллагын хэмжээний биш хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчид болох зохицуулагч, үнэт цаасны компаниуд, арилжааны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудыг хамарсан платформ.

Тухайн үед жижиг зах зээлд хэт өндөр хүчин чадалтай систем суурилууллаа, зардал өндөр байна гэх шүүмжлэл дагуулж байсан хэдий ч одоо харах нь ээ, цаг үеэсээ түрүүлж хийсэн алхам байсан байж болох. Гэхдээ зах зээл идэвхжиж байгаа энэ цаг үед дэд бүтэц нь бэлэн байгаа нь өөрөө том амжилт биш гэж үү?

 

Тэгвэл өнөөдөр энэ дэд бүтцийг ашиглаж яваа зардал мөнгө их байна гэсэн үг үү?

-Орчин цагийн аливаа санхүүгийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа технологид суурилдаг болсон. 

Түүнийгээ дагаад байгууллагуудын зардлын томоохон хэсгийг технологийн зардал эзэлдэг. Бусад санхүүгийн байгууллагын дэд бүтцийн зардал манай зах зээлийн платформын зардлаас хавьгүй их. 

Арилжааны идэвх сул байх үед зах зээлд энэ зардал тодорхой хэмжээнд дарамт болж байсан. Харин сүүлийн үед зах зээл идэвхжихийн хирээр энэ дарамт буурч байна.

-MIT нэвтэрснээр хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт, давуу талууд гарсан бэ?

Арилжаа бүрэн онлайн болсон. Хүмүүс гар утаснаасаа арилжаанд онлайн оролцож байна. 

Мөн үнэт цаасны зах зээл гэдэг өөрөө зохицуулалттай зах зээл. Арилжаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг бодит цагийн горимоор хяналт тавих боломжтой болж, арилжааны хяналт сайжирсан. 

Арилжааны идэвх, хэлцлийн тоо огцом нэмэгдэж байна.

Цаашдаа ч улам нэмэгдэнэ. MIT нь олон хэлцэл хийх, бодит цагийн хяналтыг хийх боломжтой болгож байгаа юм. Гэхдээ бид системээ бүрэн потенциалаар нь ашиглахгүй байгааг энд хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал таваарын, эрдэс байлгийн арилжааг MIT дээр явуулах бүрэн боломжтой.

Ярилцсан: Ц.Баасансүрэн

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ