Монгол Улсын Их Хурлын 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолын дагуу дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж нь “Лондонгийн хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын Мастер гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан билээ.
Тус гэрээний хүрээнд зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилэн, Дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлэн, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлж, хөрөнгийн зах зээлд ажиллаж буй 120 гаруй боловсон хүчийг сургаж бэлдсэн зэрэг дорвитой ажлууд хийгдсэн юм.
Гэрээний амжилтыг дүгнэхээр “Лондонгийн Хөрөнгийн Бирж Групп” -ын Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадей дотоодын хөрөнгийн зах зээлийг цаашид хамтран хөгжүүлэх, зах зээлд тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцохоор 2013 оны 8 дугаар сарын 27-30 хооронд Монголын хөрөнгийн бирж болон Төр засгийн холбогдох байгууллагууд болон зах зээлийн оролцогчидтой уулзахаар Монгол улсад ирж уулзалтууд амжилттай боллоо. Уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн биржийн урт хугацааны түншээр ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн сацуу Монголын хөрөнгийн зах зээл хөгжих асар их боломж, бололцоо байгааг онцолсон билээ.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ