• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

Д.АНГАР: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 8.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ

2015-02-16 15:14:41
 
-Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд  11 тэрбум  төгрөг байршиж байгаа тухай та ярьж байсан. Энэ нь ямар учиртай мөнгө юм бэ?
 - Хөрөнгийн захын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх учиртай. Үүнийг хангаж байж л зах зээл оршин тогтдог. Гэтэл Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв үүнээс гажиж, хувьцаа эзэмшигчдэд очих ёстой 11 тэрбум төгрөгийг өөр дээрээ удаан хугацаагаар төвлөрүүлж байсан нь ил болсон. Ногдол ашиг болон хувьцааны мөнгийг эзэнд нь хүргэх талаар дорвитой ажил хийлгүй өдийг хүргэсэн байна. Тиймээс иргэд ногдол ашиг болон хувьцаагаа сураглаж, мөнгөө олж авах хэрэгтэй.
 
-Иргэдийн мөнгө эргэлтэд орохгүй, хүү бодогдохгүй зүгээр л сул хэвтэж байжээ.
 -Ер нь бол тийм. Хөрөнгийн зах зээлийн гол тоглогч нь хүний мөнгийг удаан хугацаагаар нуудаг байж болохгүй. Ийм байвал зах зээл хөгжихгүй. Хувьцаа эзэмшигчдэд 11 тэрбум төгрөгийг цаг тухайд нь тараасан бол тэд идэвхтэй хөрөнгө оруулагч болон хувирах байсан. Хуримтлагдсан ногдол ашгаараа дахиж хувьцаа авах, мөнгөө өсгөж болох юм байна гэсэн итгэл үнэмшил бэхжих байлаа. Дээрх асуудал нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чөдөрлөсөн. Иргэд ч ялгаагүй үүнээс болж багагүй алдагдал хүлээсэн.

-Танайх шаардлага тавьж болдоггүй юм уу?
-Эрх зүйн хувьд тусдаа байгууллага учраас манайхаас ямар ч шаардлага хүргүүлэх боломжгүй л дээ.
 
-Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах гэсэн компаниудын санал танайд хэр ирж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас ойрын хоёр жилийн хугацаанд томоохон хэмжээний IPO хийгдэхгүй нь шинжтэй. Хөрөнгө татъя гэвэл юуны өмнө дотоодын хөрөнгө оруулагчдаа тэлэх хэрэгтэй байна. Хөрөнгийн биржийг дэлгүүр гэж үзвэл тэнд олон төрлийн чанартай бараа, бүтээгдэхүүн байх ёстой. Гэвч энэ шаардлагыг манайд бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх нь хангаж чадахгүй байгаа юм. Тэр тусмаа компанийн сайн засаглалыг мөрддөг компани гэж алга. Биржээр дамжуулан хөрөнгө босгох, нэмж хувьцаа гаргах санал одоогоор ирээгүй байна.

 -Иргэдийн зах зээлд оролцох хандлага сүүлийн үед хэр сэргэсэн бэ?
-Иргэдийн хөрөнгийн зах зээлийн ойлголт, санхүүгийн боловсрол тааруухан хэвээр байна. Ягаан, цэнхэр тасалбарын үлдэгдэл, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаа л иргэд голдуу асууж лавладаг. Түүнээс зах зээлийн өөр шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, энэ талаар сонирхох нь ховор. Үүнээс гадна Хөрөнгийн биржийн нэр хүнд тааруухан байна.  Тиймээс бирж өөрөө институцийн хувьд хөгжих ёстой. Хүний итгэлийг төрүүлдэг байх учиртай. Ингэснээр иргэдийн хандлага нааштай эргэнэ. Хөрөнгө оруулагчийн хүрээ байхгүй, хувьцаа компаниуд нь төлөвшөөгүй зах зээлийг гаднын томоохон хөрөнгө оруулалтын сангууд тоохгүй. Тиймээс дотоодын хөрөнгө оруулагчдыг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай байгаа нь Засгийн газрын үнэт цаасаар илэрч, сая тод харагдлаа.

-Иргэд Засгийн газрын бондын талаар төдийлөн сайн мэдэхгүй. Үүнийг ухуулан таниулсан ажил ч бага хийгддэг. Дотоодын хөрөнгө оруулагчид нь иргэд биз дээ?
-Тиймээ. Иргэд бол хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч нь. Бонд хамгийн энгийн бүтээгдэхүүн. Гэтэл хамгийн энгийн бүтээгдэхүүнийг худалдаж авч сураагүй,  эзэмшиж мэдэхгүй байна. Засгийн газрын үнэт цаас банкны хадгаламжаас бүх талаар давуу талтай. Эрсдэлгүй, өндөр өгөөжтэй, олон талаар ашиглаж болно. Хувь хүн худалдаж авах боломжтой. Түүнийгээ тендерийн баталгаа болгох, бусдад бэлэглэх, үр  хүүхдэдээ ч өвлүүлж болно. Хэрэв мөнгөний шаардлага гарвал түүнийгээ хоёр дахь зах зээл дээр зараад мөнгөө буцаагаад авч болдог. Хэрэв олон нийтийн санхүүгийн боловсрол сайн байсан бол ийм бүтээгдэхүүнийг булаацалдаад авах байсан. Харамсалтай нь идэвх төсөөлж байснаас харьцангуй доогуур байлаа.

-Одоогоор хэчнээн төгрөгийн Засгийн газрын бонд арилжаалаад байна вэ?
-Засгийн газрын 74 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан байна. Гурван сарын хугацаанд дээрх хэмжээний бондыг зарна гэдэг амжилт. Өмнө нь бондыг дөрвөн банк л авдаг байсан. Одоо 150 орчин иргэн, аж ахуйн нэгж худалдан аваад байна.

-Хөрөнгийн бирж 2015 онд ямар бодлого, чиглэлтэй ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Биржийн зүгээс энэ онд цоо шинэ бүтээгдэхүүн санаачлах, зах зээлд оруулахаас илүүтэй дотоодын хөрөнгө оруулагч нараа чанаржуулах, мэдлэгийг нь дээшлүүлэх, тэдний итгэлийг Хөрөнгийн бирж олоход гол анхаарлаа хандуулна. Манайд зах зээлийн дэд бүтэц сайтар бүрдээгүй. Хөрөнгийн зах зээл гэдэг өөрийн гэсэн тогтсон дүрэмтэй байдаг. Тиймээс олон нийтийн хандлагыг өөрчлөх, зах зээлийн давуу талыг сурталчлахад бодлогоо чиглүүлнэ.

-Хөрөнгийн биржийн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд нээлттэй арилжаалах санал бүхий хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Бирж хөгжлийнхөө шатанд хувьчлагдах нь зөв үү?
-Манайх шиг төрийн өмчит хөрөнгийн бирж одоо бараг байхгүй. Хөрөнгийн бирж  ил тод, компанийн засаглалтай, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Гаднын орнуудад хөрөнгийн бирж нээлттэй компани байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Ихэнх хувийг нь иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж байна.  Тодруулбал, манайхтай хамтран ажиллаж буй Лондоны хөрөнгийн бирж нээлттэй компани. Хувьцааных нь бараг 40 хүртэлх хувийг арабууд эзэмшиж байх жишээтэй. Хэдий нээлттэй компани болсон ч хяналтын багцаа хадгалж явдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, эдийн засгийн тулгуур болгоё гэвэл хөрөнгийн биржийг хэзээ нэг өдөр хувьчлах нь зөв. Үнэтэй, үнэгүй байна гэдэг дараагийн асуудал. Энэхүү ажлыг хийж чадах хүнд нь хувьчлах ёстой.

-Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн жил үргэлжлүүлэн сунгасан. Өмнөх үйлчилгээний төлбөр нь бүрэн хийгдсэн үү?
-Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй нийт 14 сая ам.долларын үнийн дүн бүхий Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтран ажилласан. Үүний тодорхой хэсгийг улсын төсвөөс төлсөн. Үлдсэнийг нь арилжааны банк болон Хөгжлийн банкнаас зээл авч барагдуулсан.

-Танайх одоо нийт хэчнээн төгрөгийн өртэй байгаа вэ?
-Манай нийт өрийн хэмжээ 8.5 сая ам.долларт хүрсэн. Төгрөгөөр тооцвол 15 орчим тэрбум болж байна. Мөн татварын өртэй бий. Сүүлийн хоёр сарын хугацаанд Татварын газраас манай дансыг хаана гэсэн шаардлага хүртэл ирүүлэх болсон. Тухайлбал, татварт нэг тэрбум төгрөг төлөхөөр байна. Хөрөнгийн бирж өөрөө 8.5 сая ам.долларыг төлөх боломжгүй. Улсын төсвөөс л төлнө.

-Танайх жилд хэчнээн төгрөгийн зардал гаргадаг вэ?
-Жилдээ нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Үүний 600 сая нь цалин, 200 нь элэгдэл, хий зардал болдог. Үлдсэн 200 сая төгрөг нь гэрэл цахилгаан, үйлчилгээний зардалд явж байна. Сүүлийн гурван жил турш хөрөнгийн бирж алдагдалтай ажилласан бол өнгөрсөн сард 50 сая төгрөгийн цэвэр ашигтай гарлаа. Нийтдээ 130 сая төгрөгийн орлого олсон. Үүний 80 сая нь зарлага болж, үлдсэн 50 саяараа Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан.  Ашигтай ажиллана гэдэг зах зээлд эерэг мэдээлэл болж байдаг.

 
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин, Б.Баяртогтох
 
Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ