Хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжааг идэвхжүүлж үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулахад мэргэжлийн дилерийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд нь брокер болон дилерийн давхар эрхтэй байдаг боловч ихэнхи үйл ажиллагаа нь зөвхөн брокерийн буюу харилцагчийн даалгавраар үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг биелүүлэх чиглэлээр хязгаарлагддаг юм. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулагч хүссэн үнэт цаасаа худалдан авч чадахгүй эсвэл өөрийн эзэмшлийн үнэт цаасаа хүссэн цагтаа зарж чадахгүйд хүрдэг бөгөөд энэ нь нийт зах зээлийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж ирсэн. Тиймээс Монголын Хөрөнгийн биржээс 2015 оны 2 дугаар сарын 16-наас эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтэц болох “Market Makers” буюу “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ингэснээр “Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд Монголын Хөрөнгийн биржийн арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаас худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах юм. Ингэснээр тухайн үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл дээрх хөрвөх чадвар нэмэгдэж хөрөнгө оруулагч хүссэн өдрөө үнэт цаас худалдан авах эсвэл түүнийгээ эргүүлэн зарах боломжтой болох бөгөөд энэ нь улмаар Монголын үнэт цаасны зах зээлийн арилжааны идэвхи, хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна.
Ирээдүйд “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог компанийн хувьцаа, үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой.
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ