Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалт бий болсон.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 385 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК гүйцэтгэж байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зуучлагч (брокөр)-аар дамжуулан зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр дараах журмуудыг шинэчлэн баталж, мөрдүүлэх гэж байна. Үүнд:
1. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам;
2. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны төлбөр тооцооны журам;
3. Арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам;
4. Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам.
Дээрх журмуудын төслийг өөрийн веб сайт болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны системийн Журам, заавар хэсэгт байршуулан санал авч байгаа тул та бүхэн төсөлтэй танилцан 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан цахимаар саналаа ирүүлнэ үү.
Журмын төслүүдтэй www.mse.mn; www.comex.mse.mn цахим хуудсаар танилцана уу.
Журамд оруулах саналаа comex@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ