Мэдээ мэдээлэл
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭЧЛЭЛД ШИЙДВЭРТЭЙ АЛХАМ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2011-10-06 00:00:00
Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ нь Лондонгийн Хөрөнгийн Бирж Групп /ЛХБГ/-тэй 2011 оны 04-р сарын 07-ны өдөр “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Ажлын мастер гэрээний хүрээнд ЛХБГ нь Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн оновчтой, олон улсын жишигт дүйцэхүйц дэд бүтцийг санал болгож нэвтрүүлэх, арилжааны шинэ системийг суурилуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг нэн чухал алхамууд хийх үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ.
Хөрөнгийн бирж, төлбөр, тооцоо, хадгаламжийн хамгийн оновтой шийдлийг нэвтрүүлэх үүднээс ЛХБГ-ийн зүгээс Монголын төрийн холбогдох албан тушаалтнуудад “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-г МХБ-тэй нэгтгэх нь зүйтэй талаар зөвлөсөн албан ёсны захидал илгээн санал хүргүүлсэн билээ. Энэхүү шийдлийг хэрэгжүүлснээр Монголын зах зээлд үүсэх эерэг нөлөө болон ач холбогдлыг захидалд дэлгэрэнгүй дурдсан болно. Ингээд уг албан захидлыг тоймлон хүргэж байна.
Дэлхийн жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийг Монголд бүтээх нь
Ажлын мастер гэрээний дагуу, ЛХБ нь Монголын санхүүгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх санал, зөвлөмж боловсруулж, түүнийг оновчтойгоор хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.
МУ-ын ЗГ-аас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг тэргүүний чиглэлээ болгосон ба Тавантолгой болон бусад стратегийн орд газруудыг хувьчилснаар Монголын ард түмний амьдралыг сайжруулах асуудал хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс ихээхэн шалтгаалах юм.
Тиймээс хөрөнгийн зах зээлийн бүтцийг оновчтой болгох нь ЗГ зорилгодоо хүрэх гол алхам юм. Үүнтэй уялдуулан, бид олон улсын жишгийн дагуу T+3 (Арилжаа хийгдсэн өдөр + 3 ажлын өдөр) төлбөрийн системийг нэвтрүүлэхийг санал болгож байна. Энэ нь олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчдыг татах, түүнчлэн Монголын санхүүгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм.
Урьдчилан төлбөрөө байршуулдаг одоогийн систем нь зах зээлийн хөгжлийг сааруулах гол хүчин зүйл болж байна гэж бид үзэж байна. Тиймээс уг системийг халж, T+3 системийг нэвтрүүлэхийг шийдвэртэйгээр санал болгож байна.
Уг асуудал нь Миллениум IТ төлбөр тооцоо, хадгаламжийн програмыг суурилуулахаас өмнө шийдэгдэх ёстой бөгөөд энэ нь монголын санхүүгийн зах зээлийг сайжруулан хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга байх болно.
Цаашилбал, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд МХБ болон ҮЦТТТХТ байгууллагууд нэгдсэн зорилго, нэг алсын хараатай байх ёстой.
Монголд ажилласан туршлагадаа үндэслэн, ҮЦТТТХТ болон МХБ-ийн үйл ажиллагааг нэгтгэж, ҮЦТТТХТ-ийг хуулийн дагуу хариуцлага хүлээх МХБ-ийн охин компани эсхүл нэгдсэн бүтэцтэй болгох нь бүх гишүүд, хувьцаа эзэмшигчдэд маргаангүй ашиг тусаа өгнө гэдэгт бат итгэлтэй байна.
Бид уг загварыг хэрэгжүүлж, ажлын мастер гэрээнд тусгагдсаны дагуу Монголын зах зээлийг дэлхийн түвшинд хүргэхдээ таатай байх болно.
Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг нэгдсэн бүтэцтэй болгох зургаан шалтгаан
1. Монгол улсыг тэргүүлэгч болгохын тулд ЛХБГ-тэй түншлэх нь.
Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсад нэн шаардлагатай байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад маш чухал, олон улсад нэр хүндтэй Лондонгийн хөрөнгийн бирж группыг өөрийн стратегийн түншээр сонгосон юм.
Тиймээс Лондонгийн хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжааны бүхий л үе шат буюу үнэт цаасны бүртгэл, арилжаа, болон төлбөр тооцоог удирдан явуулах нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт нь олон улсын хэмжээнд мөрдөгдөх жишгийн дагуу ажиллаж буй хэмээх итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад төрүүлэх болно.
Ийнхүү нэгдсэн бүтэцтэй болсноор Монголын хөрөнгийн зах зээл нь улсын хөгжлийг хөдөлгөгч хүч болох, гадаадын зах зээл дээр бүртгэлтэй Монголын компаниуд эх орондоо арилжаалагдах, Таван Толгой, Оюу Толгой болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрийн газруудыг бүртгэх боломжийг олгох юм.
2. Олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж хөрвөх чадварыг бий болгох нь.
Уг түншлэлийн нэг гол зорилго нь Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах явдал юм. Лондон нь дэлхийн санхүүгийн төв төдийгүй Blackrock, JPMorgan Asset Management, Fidelity, Moore Capital, Schroders Asset Management, BofNY Asset Management гэх мэт томоохон институционал хөрөнгө оруулагч байгууллагуудаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг.
Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээл Лондонгийн технологиор арилжаа явуулдаг 500 гаруй гишүүн компаниудыг өөртөө татах боломж бүрдэж байгаа юм. Монголын арилжааны систем Лондонгийнхтой адил болох нь Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн арилжааны систем холбогдоход нэмэлт зардал шаардлагагүй болох таатай нөхцлийг бүрдүүлэх юм.
Эдгээр хүчин зүйлүүд нь компаниуд хөрөнгийн биржид бүртгүүлэх явдлыг нэмэгдүүлэх, Монголын санхүүгийн салбарын дэд бүтцэд орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход ихээхэн хөшүүрэг болно.
3. Гишүүнчлэлийн процессыг төвөггүй болгож, олон улсын хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох боломж хязгааргүй нээлттэй болно.
Олон улсын хөрөнгө оруулагчид өөр байгууллагуудад хандаж олон шат дараалал дамжихын оронд ганцхан шатлалаар бүртгэлтэй болох нь өнөөгийн нөхцөл байдалд нэн чухал болоод байна. Системийн мэдээлэл автоматаар шинэчлэгдэх процесс нь нэг л өргөдлөөр шууд хийгддэг байх шаардлагатай. Уг боломж нь арилжаа, төлбөр тооцоо, болон хадгаламжийн үйлчилгээнүүдийг нэгтгэснээр бүрдэх юм.
Мөн энэ нь нийт зах зээлийн хэмжээнд жишиг тогтоож, журам зааврыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.
4. Бүс нутгийн санхүүгийн төв болох нь.
ЛХБГ-ын нэр хүндээр, дэлхийн стандартад нийцсэн системийг ашигласнаар МХБ нь хөрш зэргэлдээ орнуудын компаниудыг бүртгэх, улс оронд нь шаардлагатай байгаа хөрөнгийг босгох боломжийг тэдэнд олгох нөхцөл бүрдэнэ. Зорилтот улс орнуудаас Казакстан, Оросын Сибирь, хойд Хятадыг жишээ болгон дурьдаж болно. Мөн түүнчлэн гадаад валютаар гаргасан бондыг олон улсын институционал хөрөнгө оруулагчдад санал болгох боломжтой болох юм.
Энэ нь зөвхөн Монголын төдийгүй бүс нутгийн болон олон улсын хэмжээний бусад санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг арилжих, төлбөр тооцоо хийх хамгийн шилдэг арга болох юм.
5. Шинэ төрлийн үнэт цаасыг түргэн шуурхай, хялбар гаргах боломж олгоно.
Хоёр байгууллагыг нэгтгэх бас нэг гол шаардлага нь засгийн газрын болон компанийн бонд, биржийн сангийн хувьцаа, үүсмэл үнэт цаас (хувьцаанд суурилсан фьючерсийн гэрээнээс эхлээд) зэргийг зах зээлд нэвтрүүлэхтэй уялдан гарч ирж байна. Тус хоёр байгууллагыг нэг удирдлагад оруулаагүй нөхцөлд шинэ санхүүгийн хэрэгслүүдийг товлосон хугацаандаа нэвтрүүлэхэд хүндрэлтэй болно. Хоёр байгууллага нь тус тусын ТУЗ-тэй байгаа нь байгууллагуудын нэгдсэн зорилго, тэргүүлэх чиглэлүүд нь нийцэхгүй байх магадлалыг бий болгож байна.
6. Зардлыг хэмнэнэ
Хоёр байгууллагыг нэгтгэснээр зардлыг ихээр хэмнэх ба монголын санхүүгийн зах зээлийн дэд бүтэц илүү ашигтай, капиталын үр өгөөж өндөртэй байх болно. Ажил үүрэг нь давхардсан мэдээллийн технологийн, хүний нөөцийн, хуулийн зэрэг албадуудыг нэгтгэснээр зардлыг хэмнэх боломж бүрдэнэ. Мөн хөрөнгө нэг газраа төвлөрч, албад хоорондын сургалт явуулахад хялбар болох зэрэг ач холбогдолтой юм.
Түүнчлэн брокерууд, андеррайтерууд, бүртгэлтэй компаниуд болон зах зээлийн зохицуулагчид нь хоёр биш нэг л байгууллагатай харилцаж, тэдэнд хялбар дөхөм байх зарчмаар хамтран ажиллах боломжтой болно.
Монголын зах зээлийн нэгдмэл, хэвтээ дэд бүтэц нь ЛХБГ-ын Миллениум IT орчин үеийн технологийг арилжаа, төлбөр, тооцооны системийн хүрээнд нийт зах зээлийн хэмжээнд нэвтрүүлэх ажлыг илүү хурдан шуурхай, хялбар явуулах нөхцөлийг бүрдүүлж, улмаар өөрийн өрсөлдөгчдийг хол давж чадах юм.